Quantcast
Channel: Номын сангуудын туршлагаас - Монгол улсын үндэсний номын сан
Viewing all articles
Browse latest Browse all 9

“Монголын Үндэсний номын сан мэргэжил аргазүйн төв болох нь”

0
0

МҮНС-ийн ахлах аргазүйч Г.Гүнжинлхам

 

 

"Монголын Үндэсний номын сан 

мэргэжил аргазүйн төв болох нь”

 

 

        Монголын Үндэсний Номын Сан 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 номтойгоор анх байгуулагдсан бөгөөд  одоо шинжлэх ухааны бүх салбар ухааны 3 сая орчим хэвлэмэл ба гар бичмэл ном судар хадгалагдаж байна. Тус номын сан цуглуулсан хэвлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээрээ улсдаа хамгийн том номын сан бөгөөд монгол үндэстний төдийгүй төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, ховор нандин гар бичмэл, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг цуглуулан хадгалсан мэдээлэл судалгааны гол төв юм.

        Монгол үндэстнийхээ бичиг соёл, оюуны үнэт өв болох ном эрдмийг хадгалан хамгаалах, арвижуулан уламжлуулах, номын санг хөгжүүлэх талаар төр засгаас ихээхэн анхаарч, тодорхой санаачилга, дэмжлэгүүдийг үзүүлж ирлээ. 1960 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 126-р тогтоол, Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 388-р тогтоолд "Тус орны бүх төрлийн номын сангуудыг номын сангийн судлал, арга ухааны талаар зааварлаж туслах, номын санчдыг гарын авлага, материалаар хангах, хэвлэлийн бүтээгдэхүүн бүрийг хөдөлмөрчдөд таниулахад зориулсан номзүйн лавлах бичгийг гаргах үүргийг Улсын нийтийн номын санд хариуцуулсугай” гэж заасан бөгөөд энэ үндсэн дээр Мэдээлэл аргазүйн хэлтэс нь "Арга ухаан-номзүйн хэлтэс” нэртэйгээр анх байгуулагджээ. Энэ цаг үеэс эхлэн тус номын сан нь улсын хэмжээний нийт номын санг аргазүйн удирдлагаар хангах, номзүйн бүтээл бэлтгэн гаргах, номын санчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх шинэ үүрэг зорилготойгоор ажиллаж ирсэн юм. Улсын нийтийн номын сангийн үүрэг ролийг ингэж дээшлүүлсэн нь манай орны хот хөдөөд номын сангууд шинээр байгуулагдаж байсантай холбоотой байсан юм. Тухайн үед УННС нь Шинжлэх ухааны Академийн харъяанд, бусад нийтийн номын сангууд Соёлын яаманд харъяалагдаж байсан ч тус хэлтэс нь бүх төрлийн номын сангуудын үйл ажиллагааг аргазүйн удирдлагаар хангасаар ирсэн юм.

Харин Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны 23-р тогтоолоор уг Номын санг төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Улсын төв номын сан болгосон бол ЗГ-ын 2004 оны 196-р тогтоолоор бичгийн үнэт дурсгалыг хадгалах, хамгаалах, улсын хэмжээний номын сангуудыг мэргэжил арга зүй, мэдээллээр хангах, ном хэвлэлийн нэгдсэн сан байгуулж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Үндэсний номын сан болгож статусыг өөрчилсөн нь цаашдаа тус номын сангийн нэр хүндийг дээшлүүлэх, үйлчилгээний цар хүрээ, үйл ажиллагааг өргөжүүлэх төдийгүй номын сангийн салбарын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, монгол үндэстний соёлын өв, бичиг дурсгалыг хадгалж хамгаалах, судалж сурталчлах, гадаад харилцааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой шийдвэр болсон байна.

Өнөөгийн байдлаар манай улсын хэмжээнд 1509 номын сан ажиллаж байгаагийн 373 нь нийтийн, 817 нь аймаг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн, 101 нь их дээд сургуулийн,  54 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн, 120 албан байгууллагын дэргэд, эрдэм шинжилгээний 44 номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр номын сангуудыг тус номын сангийн Мэдээлэл аргазүй, эрдэм шинжилгээний хэлтэс нь аргазүйн талаас удирдан ажилладаг бөгөөд одоогоор 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр (хэлтсийн дарга, 2 аргазүйч, 2 номзүйч, 1 эрдэм шинжилгээний ажилтан, 1 сан хөмрөгийн ажилтан, 2 цахим номын санч, 1 сэргээн засварлагч, 2 компьютерийн инженер) үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтсийн гол зорилго нь номын сангуудыг мэдээллийн төв чиглэлээр хөгжүүлэхэд шаардлагатай зөвлөмж, аргачлал бусад холбогдох дүрэм, журам боловсруулах, арга зүйн зөвлөлгөө өгөх уншигч хэрэглэгчдийг мэдээллээр түргэн шуурхай хангах болон зохих түвшинд дэмжиж хамтран ажиллах зорилготой ажиллаж байна.

Монгол Улсын Үндэсний номын сангийн дүрэмд тус Номын сангийн зорилгыг "...гар бичмэл, барын ном, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, Монгол улсад хэвлэгдсэн ном, сонин сэтгүүл болон хэвлэлийн бусад бүтээгдэхүүн, чухал хэрэгцээтэй гадаадын ном зохиол, тогтмол хэвлэлийг бүрдүүлэн хадгалах, бүртгэл мэдээллийн сан бий болгох, уншигчдад шуурхай үйлчлэх, бусад номын санг  мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангах”  гэж тодорхойлсон байдаг. Энэ үүргийнхээ дагуу гадаад орны Үндэсний номын сангийн нэгэн адил аргазүйн төвийн үүргийг хэд хэдэн чиглэлээр гүйцэтгэж ирлээ.

Үүнд:

1.    Номын сангийн эрхзүйн орчныг сайжруулах, улсын хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам, аргачлал боловсруулж батлуулах, номын сангийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх

Улсын хэмжээний бүх төрлийн номын сангуудын  өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм, журам, стандартыг боловсруулах ажил нь тус төвийн нэг чухал үүрэг нь болж ирсэн юм. Номын сангийн системийн үйл ажиллагааны нэгдсэн хэм хэмжээ, хүрээг тодорхойлж, номын сангийн бүртгэл тооцоо гэх мэт нарийн үйл ажиллагааг гүйцэтгэх дэс дарааг хангаж, номын сангуудын ерөнхий зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдсэн үндсэн ажлын нэгдлийг хангаж өгдгөөрөө чухал үүрэгтэй юм. Тус төв нь өнгөрсөн хугацаанд номын сангийн салбарт мөрдөгдөх 40 гаруй дүрэм, журам, стандартыг боловсруулж гаргасан нь бүх номын санд хүчин төгөлдөр үйлчилж, номын сангийн  үйл ажиллагааг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байна. Мэдээллийн шинэ эрин зуунд номын сангийн үйлчилгээ өргөжин, уншигч хэрэглэгчдийн шинэ эрэлт хэрэгцээг хангах үүргийг хүлээснээр номын сангуудад хөтлөгдөж буй анхан шатны бүртгэлүүдийг шинэчлэн боловсруулж номын сангуудад нэвтрүүлээд байна. Тухайлбал: "Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”, "Алдагдсан ном хэвлэлийг төлүүлэх журам”, "Зөөврийн номын сан ажиллуулах аргачлал”, "Үнэт ховор номыг хадгалах, хамгаалах ашиглах журам, "Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага – (MNS 5742:2007), "Архив номын сангийн өв санг хадгалж, хамгаалахад тавигдах шаардлага” – (MNS ISO 11799:2007), Ном зүйн бичилт. Ерөнхий шаардлага- ( MNS 5271: 2006), "Номзүйн бичилт. Нэмэлт өөрчлөлт – (MNS 5271:2012), Газрын зургийн хэвлэл, бүтээлийн номзүйн бичилт. Ерөнхий шаардлага – (MNS 6334:2012) стандартууд шинэчлэн баталсан "Номын санд хөтлөгдөх данс, бүртгэлийн маягтууд зэргийг дурьдаж болох юм. Үндэсний номын сангийн үйлчилгээг дэлхийн бусад орны жишигт хүргэхийн тулд "Монгол Улсын Үндэсний номын сангийн стратеги” (2010-2016) –ыг БСШУЯ (хуучнаар), Монголын Номын сангийн Консорциум, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Олон улсын eIFL.net байгууллагын номын сангийн зөвлөхүүдтэй хамтран боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр Үндэсний номын сан нь тэргүүлэх үүргээ гүйцэтгэж, 21-р зууны хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангах шинэ үйлчилгээг энгийн, найдвартай аргаар хүргэх шинэ ур чадвар, шинэ бүтэц, тогтвортой ажиллагааг хангах хууль эрхзүйн орчин, шинэ хөрөнгө оруулалт шаардагдах нэгдмэл зорилго, зорилт биеллээ олж "Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх” төрийн бодлого хэрэгжиж, түүний үр ашгийг хэрэглэгчид хүртэх юм. МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үндэсний номын сангийн шинэ барилгыг барих тухай асуудал тусгагдсанаар Сүхбаатар дүүрэгт шинэ барилгын ажил эхлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажилагааны хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан түгээх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх”-ийн тулд "Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэхээр заасан. ССАЖЯ-ы Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт тус номын сан голлох үүрэгтэй оролцож, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 238 тоот тогтоолоор тус хөтөлбөрийг баталсан байна.  Номын сангийн салбарын эрхзүйн зохицуулалтыг сайжруулахад "Номын сангийн хууль”-тай болох санаачилга  гаргасныг Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар дэмжиж ажлын хэсэг томилогдон "Номын сангийн үйл ажиллагааны тухай хууль”-ийг  2014 онд батлууллаа. Ингэснээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт номын сан болон түүгээр үйлчлүүлэгсдийн эрх ашиг, үйл ажиллагааны тогтвортой баталгаа бий болж байна.

2.    Улсын хэмжээний номын сангуудыг аргазүйн талаас удирдах

Аймаг, сумд, хотын номын сангуудад биечлэн очиж аргазүйн зөвлөгөөг өгөх

Тус төв нь жилдээ аймаг, сумдын 5-7, хот, дүүргийн 10-15 номын санд биечлэн очиж аргазүйн туслалцаа үзүүлэн, 40-45 мэргэжлийн сургуулийн оюутнууд, номын санчдад аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тус номын сангаас 3 жил тутам аймгийн номын санд биечлэн очиж, номын сангийн төрөл, онцлог, чанарыг харгалзан дүрэм, стандартын дагуу нэгдсэн заавраар хангаж зөвлөгөө өгөх, тэднийг мэдээллээр хангах үндсэн чиглэлтэй ажиллаж ирлээ. 1980-аад оноос төв номын сангуудын үйл ажиллагаа тогтмолжиж, чадварлаг боловсон хүчнээр бэхжиж, аймаг хотын нийтийн номын сангууд нь сум дүүргийн номын сангуудыг аргазүйн удирдлагаар хангах төв нь болж ажиллаж байна. Мөн 1990 оноос МУИС, ЭМШУИС, ШУТИС зэрэг сургуулиудын  номын сангийн үйлчилгээ, мэдээлэл технологийн шинэ түвшинд хөгжиж, материаллаг орчин, боловсон хүчнээр  ихээхэн бэхжсэн төдийгүй бүрэлдэхүүний дээд сургуулиудын мэдээлэл аргазүйн төв нь болж, Хүүхдийн Номын ордон нь ЕБС-ийн номын сангуудын мэдээлэл аргазүйн төв болж байна. Ингэж төрөлжсөн аргазүйн үйлчилгээ үзүүлж байгаа нь номын сангуудад мэргэжлийн чиглэлийн дагуу байнгын аргазүйн туслалцааг тогтмол үзүүлэх ач холбогдолтойгоос гадна төрөл бүрийн номын сангийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлж байгаа юм.

3.    Мэргэжлийн сурах бичиг, гарын авлага, номзүйн бүртгэлүүдийг гаргах

Тус номын сангийн мэргэжилтэй боловсон хүчнүүдийн тусламжтай  номын санчдын мэдлэг боловсролыг  дээшлүүлэхийн тулд  мэргэжлийн сурах бичиг, гарын авлагыг боловсруулсаар ирсэн байна. Үүнд: "Номын сан-номзүйн ангилал", "Номын сангийн фонд зохион байгуулалт” (2010), "Номын сангийн каталог” (2013), "Номын санд  мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн баримтуудын эмхтгэл” (2012), "Нийтийн номын сангуудын тайлан эмхэтгэл”, "Ном дагасан заяа” (2011) номын санчдын намтарчилсан лавлах, "Номын санчдын ширээний ном” (2015) г.м. олон олон сурах бичиг, гарын авлагыг гаргасан нь мэргэжилтнүүдийн ширээний ном болсон байна.

Номын санчдын гол гарын авлага болох онол аргазүйн "Номын санч” сэтгүүлийг  1974 оноос эхлэн тасралтгүй эрхлэн гаргаж, аймаг, хот, сумдын номын санд улсын нэгдсэн хэвлэл захиалгаар хүргэж байна. Мөн "Шинэ номын мэдээ” сэтгүүлийг сар тутам эрхлэн гаргаж байна. Мөн тус номын сангаас эрхлэн  улсын ерөнхий ба салбар номзүйн  135 дэвтэр бүртгэлийг бэлтгэн хэвлүүлсэн байна. Мөн 1921-2001 он хүртэлх хугацаанд хэвлэгдэн гарсан монгол ном болон номын санд хадгалагдан , нийтийн хүртээл болж байгаа бүх гар бичмэл, барын номын мэдээллийг нэгтгэсэн "Монголын үндэсний номзүйн бүртгэл мэдээллийн сан” CD  хэлбэрийн номзүйг боловсруулж уншигч олны гарт хүргэсэн байна. Дараагийн бүртгэл нь "Монгол улсын үндэсний номын сан дахь архивын бүртгэн мэдээлэх номзүй”  (1921-2010) 5 боть, "Монгол гар бичмэл барын номын номзүй” (2011), "Монгол судлалын  орос хэлээр гарсан бүтээлийн ном зүй” (2011), "Монгол судлалын гадаад хэлээр гарсан бүтээлийн номзүй” (2011), "Тогтмол хэвлэлийн өгүүллийн ном зүйн бүртгэл” -ийг (1988-2008 он) эхлүүлэн ажиллаж байна.

4.    Номын санчдын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах

Аргазүйн төвөөс номын санчдад үзүүлэх дэмжлэг туслалцааны нэг хэлбэр нь сургалт, семинар юм. Өөрөөр хэлбэл, аргазүйн ажлын чухал бөгөөд дэлгэрсэн хэлбэр нь номын санчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх ажил байдаг. Энэ ажлын хүрээнд тус төвөөс мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх төрөлжсөн сургалтуудыг хэд хэдэн арга замаар тогтмол зохион байгуулж байна. Үүнд:

- Гадаад орнуудын номын сангийн мэргэжилтнүүдтэй хамтран сургалтыг зохион байгуулах,  

- Аймаг сумдад биечлэн очиж аргазүйн зөвлөгөө өгөх ажлын зэрэгцээ аймаг, сумдын номын санчдад сургалтыг зохион байгуулах,  

- Олон улсын байгууллагуудтай хамтран төрөлжсөн мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах,  

- Гадаад орнуудад мэргэжил дээшлүүлэх болон туршлага судлах,  

- Номын санчдад ганцаарчилсан сургалтыг зохион байгуулах,  

- Төрөл бүрийн сургалт семинарт хичээл заах хэлбэрээр номын санчдыг сургаж байна. /сүүлийн жилүүдэд аймаг, сумдын номын санчдыг мэргэшүүлэхэд ихээхэн анхаарч,  нийт 21 аймгийн 800 гаруй номын санчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулсан байна/.

Номын санчдын жил бүрийн төрөлжсөн сургалтуудаас гадна онол практикийн бага хурал, "Үндэсний бичиг үсгийн баяр”, "Номын баяр” зэрэг томоохон үйл ажиллагаануудыг улсын хэмжээнд хамтран зохион байгуулж байна.



Цаашдын зорилт, тулгамдаж буй асуудал:

1.    Номын сангийн эрхзүйн орчныг сайжруулах асуудал

"Номын сангийн үйл ажиллагааны тухай хууль”-тай болсон нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт номын сан болон түүгээр үйлчлүүлэгсдийн эрх ашиг, үйл ажиллагааны тогтвортой баталгаа бий болсон юм. Гэвч хуулийн хүрээнд хэрэгжүүлэх холбогдох дүрэм, журмыг шинээр боловсруулах, шинэчлэх зайлшгүй шаардлагатай юм.

 2. Улсын хэмжээний номын сангийн нэгдсэн тогтолцоог бий болгож, номын сангуудын хамтын ажиллагааг сайжруулах, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх шаардлагатай байна.

3. Ном хэвлэлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэхийн хирээр номын сан судлалыг шинжлэх ухааны түвшинд авч үзэх, судалгааны аргазүйгээр хангах асуудал зүй ёсоор тавигдаж байна. Шинжлэх ухаан мэдээлэл, технологийн эрин үед гадаад орнуудад номын сан судлал нь бие даасан шинжлэх ухаан болон хүлээн зөвшөөрөгдөж, номын сан судлал нь олон салбар чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэн байхад манай оронд ном судлал, номзүй судлал, мэдээлэлзүй зэрэг шинжлэх ухааны зааг ялгаа, орчин үеийн салбар шинжлэх ухаан болон салж чадаагүй хам шинжтэйгээр хөгжиж байна.

4. Номын санчдад зориулсан мэргэжлийн онол аргазүйн сурах бичиг, судалгааны бүтээлүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

5. Номын сангийн аргазүйн үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн, мэргэжлийн сургалт семинар, аргазүйн үйл ажиллагааг зайнаас удирдаж явуулах,

6. "Үндэсний номын сан” гэсэн статустай манай номын сангийн хувьд аргазүйн хэлтсийг "Номын сан судлал, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын төв”-ийн хэмжээнд өргөжүүлэн бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчнийг нэмэгдүүлэх  нь номын сангийн хөгжилд чухал алхам болох юм.

 

 

 

НОМЗҮЙ

1. Базар Ш. Монгол Улсын Төв номын сангийн түүхэн товчоо / Ш.Базар.- УБ., 2000.- Х.60-62.

2. Гунжинлхам  Г. Научно-методическая деятельность национальной библиотеки: Дис... магист. 21/135 / Науч. руковод. доктор пед. наук, проф. М.Н. Колесникова,.- Защищено 26.06.2014.-Спб., 2014.-127с.- ( СПбГУКИ ).- Библиогр.: с.93-97.

3. Монгол улсын Үндэсний номын сангийн дүрэм: БСШУЯ-ны Сайдын 2005 оны 31-р тушаалын хавсралт // Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах эрхзүйн баримт.- УБ., 2012.- Х.429.

4. Монгол Улсын Үндэсний номын сангийн орон тооны хязгаар: Монгол улсын стандарт MNS 5742:2007 // Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага.- УБ., 2007.- Х.17.

5. Монгол Улсын Үндэсний номын сангийн МАЗЭШХ-ийн тайлан: 2013 // Номын сангуудын тайлан эмхэтгэл.- УБ., 2014.- Х.7.

6. Монголын Үндэсний номын сангийн стратеги ( 2010-2016 ).- УБ., 2009.- 40 х.

7. Монголын номын сан өнөөдөр-маргааш: Онол-практикийн бага хурал / Ред. Д.Саранчимэг.- УБ., 2007.- 50 х.  

8. Мэдээлэл, аргазүй, эрдэм шинжилгээний хэлтэс: Монгол Улсын Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойд // Номын санч.- 2011.- № Т.Д.- Х.44-47.

9. Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай: Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 196-р тогтоол // Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах эрхзүйн баримт.- УБ., 2012.- 316 х.

10.  Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах эрхзүйн баримт: Хууль, тогтоол, шийдвэрийн эмхтгэл.- УБ.: Содпресс, 2011.- 569 х.

11. Цагаач Н. Эрдмийн сувд: Ном, номын сангийн  тухай үг.- УБ., 2008.- 352 х.


Viewing all articles
Browse latest Browse all 9

Latest Images

Trending Articles





Latest Images